Нярайн гэдэс дүүрэлт 

Нярайн гэдэс дүүрэлт 
  • 2024 оны 06 сарын 06

Нярайн гэдэс дүүрэлт 

Нярайд хамгийн элбэг тохиолддог зовиур. Маш хэрэгтэй зөвөлгөө шүү , Нярай хүүхдийн гэдэс дүүрэх шалтгаан
Нярай хүүхдийн хувьд гэдэс дүүрэх, гэдэс дүүрэлтээсээ болж орой бүр гэдийж уйлах нь хамгийн түгээмэл үзэгдэл байдаг.

1. Нярайн гэдэс дүүрэх үндсэн шалтгаан нь ходоод гэдэсний хөгжил бүрэн гүйцээгүй, сүү боловсруулах ашигтай бактерүүд хангалтгүй байдагтай холбоотой. Ихэнхдээ гэдэс дүүрэлтийн үед хэвлийн өвдөлт дагалддаг ба үүнтэй холбоотой хүүхэд уйлдаг. Амьдралын 3-6 сартайд энэ зовуурь бүр мөсөн арилдаг. Учир нь ходоод гэдэсний хөгжил гүйцсэн байдаг.

2. Дараагийн шалтгаан нь хүүхдээ буруу тэвэрч хөхүүлэх явдал. Буруу байрлалд хөхүүлэх явцад хүүхэд агаар сорж залгих ба хүүхдэд таагүй мэдрэмжийг төрүүлдэг. Энэ шалтгаанаас үүсэх гэдэс дүүрэлтээс зайлсхийх энгийн арга бий. Хүүхдээ хөхүүлсний дараа босоо байрлалд хэдэн минут тэврэх үед илүүдэл хий гадагшилна.

3. 3 дахь шалтгаан бол эх хүүхдийн гэдэс дүүрэхэд нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх явдал юм. Мөн хөхүүл эхчүүд хөхөндөө сайн сүү оруулахын тулд сайн гэсэн хүнсний бүтээгдэхүүн бүрийг их хэрэглэх тал бий. Энэ нь нярай хүүхдэд зарим тохиолдолд таарахгүй гэдэс, ходоодыг нь амархан хямруулж улмаар гэдсийг дүүргэх эрсдэлтэй.

4. 4 дэх шалтгаан нь хүүхэд гэдэс дүүрэхэд нөлөөлдөг эмгэг бактерүүдийг төрөх газраас авдаг. Эдгээр бичил биетүүд (гэдэсний савханцар) гэдэсний хий үүсэх байдлыг нэмэгдүүлж, хэвлийгээр өвдөхөд хүргэдэг.

5. 5 дахь шалтгаан нь хөхөөр бус хөхний сүү орлуулагчаар хооллодог хүүхдэд үхрийн сүүний үл тохирох, дисбактериоз, лактоз үл тэвчих байдалтай холбоотой хий ихээр үүсч гэдэс дүүрнэ. Энэ үед эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг солих хэрэгтэй.

Нярайн гэдэс дүүрэх үед илрэх шинж
Нярайн гэдэс дүүрэлтийг оношилоход хялбархан.

1. Нэгдүгээрт, гэдэс дүүрч өвдөх шинж 3 хүртэлх сартай хүүхдэд тохиолддог.
2. Хоёрдугаарт, хүүхдийн гэдэс дүүрч өвдөх үед хүүхэд хөлөө хэвлийрүүгээ татаж атийн уйлна. Энэ шинж хооллосноос хойш 5-10 минутын дараа илэрнэ. Гэдэс дүүрч өвдөх шинж ихэвчлэн оройн цагаар илэрч 20-30 мин үргэлжилнэ. Хүүхэд нойрондоо муу, хөхөө хөхөөс татгалзана.
3. Гуравдугаарт, хүүхдийн гэдсийг тэмтрэхэд хатуурсан байна. Та хүүхдийнхээ гэдсийг дүүрсэн үгүйг мэдэхийн тулд гарныхаа долоовор, дунд хуруу хоёроо гэдсэн дээр нь тавиад нөгөө гарынхаа долоовор, дунд хуруугаараа зөөлхөн тогшоорой. Хөндий түг түг гэж дугарч байвал таны хүүхдийн гэдэс дүүрсэн байна гэсэн үг.
4. Баахдаа хүчтэй дүлж бааж байвал гэдэс нь дүүрсэн байж болзошгүй юм.

Нярай хүүхдийн гэдэс дүүрэлтийг эмчлэх
Нярайн гэдэс дүүрэлтийг эмчлэх эмчилгээний олон аргууд байдаг. Үүнд: Гэдэсний хий гадагшлуулах ургамлын гаралтай эмүүд, гэдэсний спазм тавиулах, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах үйлдэлтэй эм, лакто ба бифидобактери агуулсан дисбактериозын эсрэг бэлдмэлүүдийг хэрэглэнэ. Мөн шулуун гэдсээр хий гаргах гуурс хэрэглэдэг. Гэхдээ эмийн эмчилгээг эмчийн заавраар хийнэ.

Тайвшруулах. Хүүхдээ гар дээрээ тэвэрч зөөлөн бүүвэйлэх нь хүүхдийг тайвширч, гэдэсний дүүрэнгэ багасахад туслах хамгийн эхний арга юм. Хүүхэд эхийнхээ дулааныг мэдэрч өвдөлт нь багасдаг. Мөн бүүвэйн дуу аялах нь тайвширахад нөлөөлнө. Ихэнх хүүхэд чичи-чи-чичи, шшш-шш гэсэн дуу авиа гаргахад тайвширч дуугүй болдог.

Унгуулах. Хамгийн эхлээд хүүхдийн гэдэсний хийг унгуулах, хэрхрүүлэх аргаар хурдан гаргах хэрэгтэй. Хийг нь гаргадаг дасгалууд байдаг. Хүүхдээ доош нь харуулж хэвтүүлээд өгзгийг нь зөөлхөн дээш нь өргөөд хэсэг байлгаарай. Хэсэг хугацааны дараа хий нь гарах болно. Мөн хүүхдээ дээш нь харуулж хэвтүүлээд 2 хөлний улнаас нь бариад хэвлий рүү нь зөөлхөн шахах маягаар нааш цааш нь болгох, өөрөөр хэлбэл дугуй унах хөдөлгөөнийг хийнэ.. Мөн адил хий нь гарах болно.

Хэрхрүүлэх. Хүүхдээ хооллосны дараа босоо байдалтайгаар хэдэн мин тэвэрнэ. Хэсэг хугацааны дараа сүүгээ хөхөх үед залгисан илүүдэл хий нь амаар нь гарах болно. Манай ээжүүдэд хүүхдээ хооллосныхоо дараа шууд хэвтүүлдэг нэг алдаа ажиглагддаг. Энэ нь маш буруу. Учир нь хүүхэд хөхөө хөхөж байхдаа, угжаараа сүүгээрээ ууж байхдаа амаараа хий их, бага хэмжээгээр залгидаг. Залгисан хий нь хуримтлагдаад улмаар гэдэс нь дүүрч хатуурч зовиуртай болдог.

Баадагнах. Хэрвээ таны хүүхдийн гэдэс дүүрээд уйлагнаад байвал хар, хөх даавуу гэдсэн дээр нь тавиад гадуур нь өлгийнийх нь даавууг бүлээсгэж байгаад ороож баадах улалмжлалт арга маш үр дүнтэй байдаг. Ингэснээр хүүхдийн гэдэсний дүүрэнгэ хурдан арилна.

Иллэг хийх. Хүүхдийн гэдэсний дүүрэнгэ арилгадаг иллэгүүд байдаг. Тухайлбал, 2 гарын алгандаа сүүлний тос эсвэл шар тос халааж байгаад хүүхдийнхээ гэдсийг нар зөв тойруулах маягаар 10 мин орчим илж өгөөрэй. Ингэж илсэнийхээ дараа гэдсийг нь баадагнахаа мартуузай. Өдөрт 4-5 удаа ингэж илээд байвал гэдэс нь аяандаа зөөлөрч, хий нь гарах болно.

Нярай хүүхдийн гэдэс дүүрэлтээс сэргийлэх
1. Хүүхдийн гэдэс дүүрдэг бол хөхүүлэхийн өмнө хүүхдээ хэвлийгээр харуулан хэдэн мин хэвтүүлэх
2. Нярай хүүхдэд хэвлийн иллэгийг тогтмол хийж өгөх
3. Хүүхдээ хөхүүлэх үедээ анхаарлаа сарниулахгүй байх. Байнга тасалдуулж хөхүүлэх нь агаар сорох, гэдэс дүүрэхэд нөлөөлнө.
4. Хамгийн түрүүнд эх хооллолтондоо анхаарах. Нярайн гэдэс дүүргэх хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх. Хүүхдийн гэдэс дүүрэлтийн шалтгааныг илрүүлж эмчлэх арга хэмжээний нэг бол эхийн хооллолтын байдлыг үнэлэх юм. 

Хүүхдийн гэдэс дүүрч, оройд гэдийж уйлах зовиурт хөхүүл эхийн хооллолт чухал үүргийг гүйцэтгэдэг. Хооллолтын дараа хүүхдэд ямар нэгэн сөрөг нөлөө гарч буйг эх өөрөө сайн ажиглах ёстой. Жишээ ямар нэгэн зүйлийг идсэний дараа хүүхдээ хөхүүлэхэд хүүхдийн гэдэс дүүрэх эсвэл гэдэс нь эвгүйрч гүйлгэх, суулгах зэрэг сөрөг нөлөө үүсч байвал хөхүүл эх маань өөрөө тэр хоол хүнсийг нэн даруй зогсоож, хүүхдээ хөхүүл явцдаа дахин хэрэглэхгүй байхад анхаарах ёстой. Хоол хүнсэндээ шинж байцаа, түүхий ногоо жимс жимсгэнэ, зөгийн бал, хар талх, шокалад чихэр зэргийг хасах хэрэгтэй. Хөхүүл эхчүүд доорх хүнсний зүйлс хэрэглэхээс зайлсхийж чадвал хүүхдээ гэдэс дүүрэлтээс урьдчилан сэргийлж чадна. 

Үүнд:
Кафейн агуулсан хүнснээс зайлсхий. Хөхүүл эх хүн казейн ихээр агуулдаг цай, кофе, кола зэргээс зайлсхийж, ялангуяа хатаасан самар, газрын самар зэргийг хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Шоколад нь нярай хүүхдэд бөөлжих, харшил өгөх, гэдэс дүүрэх зэрэг сөрөг нөлөөг үзүүлдэг.
Үнээний сүү гэдэс дүүргэдэг. Ялангуяа бага зэргийн харшилтай, аливаа зүйлээс амархан харшилдаг хүүхдийн хувьд ээж нь сүү уух юмуу сүүтэй цай уухад хүүхдийн гэдэс дүүрч, баахдаа зовиурлах, арагш гэдийж уйлагнах зэрэг зовиурууд илт илэрдэг байна. Иймээс хөхүүл эх хүүхэд хөхүүлэх явцдаа үнээний сүүг ихээр хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Хүнсний орлуулагчтай бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй. Хүүхдэд сөрөг нөлөө үзүүлж болохуйц хоол хүнсэнд хиам, сосесик, чипс буюу шарсан төмс зэрэг хүнсний орлуулагчийн агууламжтай хоол хүнс ордог. Хүүхдээ хөхүүлж байх хугацаандаа хөхүүл эх өөрөө аль болох хүсний орлуулагч, амтлагч, халуун ногоотой хоол хүнснээс зайлсхийж байх нь зохистой.
5. Хүүхдэд хамгийн сайн нь эхийн сүү тул хөхөөр хооллох хэрэгтэй. Эхийн сүүгээр хооллодог хүүхдийн гэдэс дүүрэх харьцангуй бага байдаг. Нярай хүүхдэд илчлэг тэжээл, уураг талаасаа хамгийн тохиромжтой нь эхийн сүү байдаг. Дөнгөж төрсөн, төрөөд 5 хонож байгаа эсвэл 3 сартай эхийн хөхний сүүний найрлага нь өөр өөр байдаг. Тухайн хүүхдийн гэдэс, ходоодны үйл ажиллагаа, хоол боловсруулах ферментийн хөгжил зэргээс хамааран эхийн сүү нь байнга өөрчлөгдөж байдаг. Үүнийг эхийн сүү орлуулагчаар нөхөх ямар ч боломжгүй. Иймээс эхчүүд аль болох хүүхдээ эхийн сүүгээр хооллохыг хичээх хэрэгтэй.
 

© 2024 All Rights Reserved. Developed By: AiT Team