Мэдээ

Хүүхдээ хэрхэн зөв хөхүүлэх вэ?
Хүүхдээ хэрхэн зөв хөхүүлэх вэ?
Энэ хугацаанд ямар нэгэн хоол юмуу шингэн /буцалсан ус ч гэсэн / нэмж өгөх шаардлагагүй. Хүүхдээ хөхөөр нь хоёр нас хүртэл нь хооллох хэрэгтэй. 6 сартайгаас нь эхлэн хөхний сүүн дээр нь нэмж нэмэлт хоол өгч эхэлнэ.Хөхний сүү, ангир уураг нь нярай хүүхдийн хоол боловсруулах болон бодисын солилцооны онцлогт илүү сайн тохирсон байдаг учраас гадаад орчинд дасан зохицоход нь тусална.



1. Хөхөөр хооллох
Эхийн сүү нь хүүхдийн хамгийн сайн хоол бөгөөд хүүхдэд эхний 6 сард нь шаардлагатай бүх тэжээлийн бодисыг агуулсан байдаг. Үүнээс гадна хөхний сүү амархан боловсорч шингэнэ. Хөхний сүү хүүхдэд илүү тохиромжтой уураг болон өөх тосыг шаардлагатай хэмжээнд агуулахаас гадна бусад амьтны сүүг бодвол лактоз /сүүний сахар/ ихтэй. Мөн амин дэм, төмөр, макро болон микро элэментүүд хангалттай хэмжээгээр байна. Хөхний сүүнд нян, вирусын халдвараас хамгаалах болон нярай хүүхдийн гэдэсний дасан зохицолт, хөгжилд туслах дархлаа, биологийн идэвхт бодис бий. Эдгээр зүйлс нь үйлдвэрийн хүүхдийн тэжээлд агуулагддаггүй.

Баримт:
1. Төрсний дараах хэд хоногт хөхнөөс уураг хэмээх маш тэжээллэг чанартай шар өнгийн өтгөн сүү ялгарна. Ангир уураг нь бага хэмжээтэй ялгарах ч нярайг хангалттай цатгана. Нярайг төрсний дараа нь 40-50 минут тутамд хөхүүлэх хэрэгтэй.
2. Төрсний дараах нэгээс хоёр долоо хоногт хөхний сүүний гарц нэмэгдэхээс гадна найрлага нь өөрчлөгдөнө. Хөхний сүү энэ үеэс “боловсорсон” сүү болно. Сүү илүү шингэн юм шиг байх боловч хүүхдийн өсөлт хөгжилтөнд шаардлагатай бүх тэжээлийн бодисыг агуулсан байдаг. Хүүхэд хөхний сүүгээрээ өөрт шаардлагатай хэмжээний шингэнийг халуун өдөр ч ялгаагүй авна.
3. Хөхнөөс сүү ялгарч эхлэх үеэс хүүхдийг хоногт 10 -12 удаа хөхүүлнэ. Ингэж олон удаа хөхүүлэхэд сүүний ялгаралт нэмэгдэнэ. Хүүхэд өсөж томрохын хирээр хөхүүлэх тоо багасна.
4. Нярай хүүхэд бүр өөрийн хооллолтын дэглэмийг бий болгоно. Хүүхдийг цагаар бус шаардлагатай үед нь /өдөр ч бай, шөнө ч бай ялгаагүй/, өлсгөхгүй байхаар хооллохыг зөвлөдөг. Хооллолтын давтамж, хооллох хугацааг хүүхэд өөрөө тогтооно.

Хөхөөрөө хооллох уу эсвэл угжих уу?
Ээжийн асуулт: Зарим ээжүүд хүүхдээ хөхөөрөө хооллохоос татгалздагийг бид мэднэ. Тэд үүнийгээ орчин үеийн хүүхдийн тэжээл хөхний сүүтэй адилхан учраас ялгаагүй гэж тайлбарлан өөрсдийгөө зөвтөгдөг. Хүүхдээ хөхөөр хооллохыг тэд зүгээр л нэг өнгөрсөн үеийн уламжлал гэж үздэг байх. Энэ зөв үү?
Эмчийн хариулт: Хүүхдээ хөхөөрөө хооллох нь эх хүний хүүхэддээ өгч чадах хамгийн том зүйл бөгөөд таны хөхөөрөө хүүхдээ хооллодог чинь маш зөв. Хүүхдийн тэжээлд хүүхдэд шаардлагатай бодисууд байдаг ч зөвхөн хөхний сүүнд л тэдгээр бодисууд зохистой хэмжээгээр, хүүхдийн хоол боловсруулалтад сайн нөлөө үзүүлэх хэмжээгээр агуулагдсан байдаг. Хүүхдийн тэжээлтэй харьцуулахад хөхний сүү харшил огт үүсгэдэггүй. Түүнээс гадна угжны шил хүүхдэд эхийнх нь хайр энхрийлэл, халамжийг хэзээ ч өгч чадахгүй.

Яагаад хөхний сүүг сонгох хэрэгтэй гэж?
Хөхний сүү маш тэжээллэг агаад 37 орчим хэмийн халуун байдаг. Түүнээс гадна, хөхний сүүнд агуулагддаг уураг, өөх тос, нүүрс ус нь бусад хүнснийхээс илүү сайн шимэгдэж боловсорно. Хөхөөр хооллосноор нярайн “цэвэр” байсан гэдэс ходоодонд ашигтай нянгууд бий болно. Мөн хөхний сүүнд дархлааны фактор, даавар болон фермент агуулагддаг учраас хүүхдийг харшил, зарим халдварт өвчнөөс урьдчилан сэргийлдэг.

Хөхөө амлуулах
Төрсний дараа нь шууд л /30 минутын дотор/ хүүхдэд хөхөө амлуулах хэрэгтэй. Хүүхдийг төрөнгүүт нь эхийн хэвлий дээр тавибал өөрөө хөхөө олоод хөхөж эхэлнэ. Хүүхдийг эрт амлуулах нь эхийнхээ халуун дулаан, аюулгүй байдалд байгаагаа мэдрэх боломж олгоно. Хөхөө амлуулах нь хүүхэдтэйгээ харьцахын эхлэл учраас чухал хэдий ч түүнд тэгтлээ санаа зовох хэрэггүй. Өөрийгөө “чиглүүлэх” боломжийг хүүхэддээ олго – хацраа танд хүргэж, толгойгоо эргүүлэн хөхөө олоход нь туслаарай. Хүүхэд танд юу хийхийг чинь хэлж өгч, юу хүсэж байгаагаа танд ойлгуулж чадна. Хүүхдээ цээжиндээ тэврээд эрүүг нь хөхөндөө хүргэн өөрөө хөхөө олж идэхэд нь туслах хэрэгтэй. Хүүхдээ хөхүүлж байхдаа нүд рүү нь харж, өөрийнхөө аз жаргалтай, тайван байгааг харуулаарай.

Хүүхдээ хэрхэн зөв хөхүүлэх вэ?
Хөхөө хөхүүлэхдээ тохиромжтой байрлалд биеэ барилгүй, тайван суу. Хүүхэд хөхүүлэхэд түшлэгтэй намхан сандал юмуу хөлний тавиуртай өндөр сандалд суух илүү тохиромжтой байдаг. Хүүхдээ зөв байрлуулж хөхүүлэх нь чухал: хүүхэд амандаа хөхний толгой, түүнийг тойрсон нөсөөт хэсгийг оруулсан байх ёстой. Хүүхдийн эрүү хөхөнд хүрсэн, амаа том ангайсан, доод уруул нь гадагшаа эргэсэн, хөхний нөсөөт хэсэг доод талаасаа бол харагдахгүй, дээд талаасаа харагдаж байвал зөв хөхөлт болно.

Хөхөө хэр зэрэг хөхөх ёстой вэ?
Ээжийн асуулт: Би хүүхдээ хөхүүлж байхдаа хэдий хэмжээний сүү идэж байгааг нь мэдэхгүй байна. Шаардлагатай хэмжээний сүүгээ хөхөж байгааг яаж мэдэх вэ?
Эмчийн хариулт: Нярай хүүхэд эхний сардаа хоногт 600-700 мл сүү иднэ. 6 сар хүрэхэд сүүний хэмжээ хоногт 900 мл болж нэмэгдэнэ. Гэхдээ ээж та л хүүхдээ хөхүүлж байгаа учраас түүний хоолны дуршлыг сайн мэднэ. Хүүхэд тайван, сайн унтаж байвал хөхөндөө цадаж, хангалттай сүү хөхөж байна гэсэн үг.

Хөхөө хөхүүлэх нь ирээдүйд хэрэгтэй 
Та өнөөдөр хүүхдээ хөхөөрөө хооллосноор ирээдүйнх нь төлөө санаа тавьж байгаа юм. Сүүлийн үеийн судалгаанууд хүүхдийг хөхөөр нь хооллох нь зөвхөн хөхүүл үеийн өсөлт хөгжилтөнд төдийгүй ирээдүйн эрүүл мэндэд нь нөлөөлдөг болохыг тогтоосон байна. Хөхөөр хооллох нь хоол боловсруулах замын зарим архаг өвчин, чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчин, зүрхний эмгэг зэргээс урьдчилан сэргийлдэг.

Хөхний сүүний ач холбогдлын талаар илүү ихийг мэдмээр байна уу?
 Шингэц сайтай уураг агуулна
 Хөхний сүүнд агуулагдах төмөр сайн шимэгдэнэ
 Иммуноглобулин нь хүүхдийг олон төрлийн халдвараас хамгаална
 Фосфор, кальци нь хүүхдийн ясны хөгжилд сайн нөлөөтэй
 Лактоз /сүүний сахар/ нь хүүхдэд шаардагдах илчлэгийн 40%-ийг хангана.
 Хангалттай хэмжээний амин дэм Д, өсөлтийн болон бусад дааврууд, инсулин гэх мэтийг хангалттай хэмжээгээр агуулна.