- 2024 оны 03 сарын 28
Жирэмсэн үеийн зөв хооллолт
Жирэмсэн үеийн хооллолтын байдал жирэмсний явц болон ургийн өсөлт хөгжилтөнд чухал нөлөөтэй. Жирэмсэн эмэгтэйн биеийн жин дунджаар 10-12 кг нэмэгддэг. Долоо хоногт 230-460гр-р нэмэгдвэл хэвийн гэж үзэх ба илчлэг жирэмсний эхний хагаст 2500-2700 ккал, II-р хагаст 2800-3000 ккал тус тус шаардлагатай. Эхийн эрүүл зөв хооллолт эрүүл хүүхэд төрөхөд чухал үүрэгтэй. Зөв хооллолт гэдэг нь олон төрлийн, чанартай, хоол хүнсийг ойр ойрхон, бага хэмжээгээр идэхийг хэлнэ.
Уураг нь хүүхдийн эрхтэн систем бүрэлдэн тогтох, булчингийн хөгжлийг сайжруулахад чухал үүрэгтэй. Уураг агуулсан хоол, хүнсний зүйлд үхэр, хонины мах, элэг, загас, сүү, цагаан идээ, аарц, ээзгий, өндөг, вандуй, самар зэрэг орно.
Өөх, тос - Жирэмсэн байх үед бүх эрхтний ачаалал эрс нэмэгддэг учраас алдагдсан илчлэгийг хангах зорилгоор өөх тос хэрэглэнэ. Амьтны гаралтай өөх тос бага, ургамлын гаралтай тосыг түлхүү хэрэглэх нь зүйтэй.Цөцгийн тос, ургамлын тос, самар, бяслаг, ээдэм, ээзгий, аарц зэрэг ашигтай.
Амин дэм, эрдэс бодисууд - Биеийн ерөнхий эсэргүүцлийг сайжруулж, бодисын солилцоог идэвхижүүлэн, эрхтэн тогтолцооны тогтвортой үйл ажиллагааг хангах үүргийг гүйцэтгэнэ.
Төмөр, фолийн хүчил - Цусны бүтэц, төлжилтөнд голлох үүргийг гүйцэтгэж, төмөр дутлын цус багадалтаас сэргийлнэ.Фолийн хүчил ургийн тархи, нуруу нугас хөгжин бүрэлдэхэд чухал нөлөөтэй ба гаж хөгжлөөс урьдчилан сэргийлнэ.
Иод - Ургийн тархи, мэдрэлийн эрхтэн тогтолцооны хөгжилд нөлөөлнө. Хоол хүнсэндээ иоджуулсан давс хэрэглэснээр йод дутлын эмгэгээс сэргийлнэ.
Хориглох зүйлс
Дутуу болгосон болон түүхий хүнс хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
Үүнд: түүхий өндөг, сүши, стейк, түүхий сүүний бяслаг, ариутгаагүй жимсний шүүс гэх мэт.
Загасны маханд агуулагдах Омега -3 тосны хүчил нь ургийн өсөлт хөгжилт болон таны биед тустай хэдий ч ихэнх загас мөнгөн ус (methylmercury, mercury) агуулдаг тул та 7 хоногт дээд тал нь 2 удаа л загасан бүтээгдхүүн багаар хэрэглэж болно. Утсан болон даршилсан загас, сүши хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
Кофе, какао, шоколад, кола, цайнд агуулагдах ба зарим судлаачид өдөрт 200 мг-аас дээш хэмжээгээр коффейн хэрэглэдэг эмэгтэйчүүдэд ураг зулбах болон эх дотроо амьгүй болох эрсдэл 2 дахин их хэмээн мэдээлсэн байдаг.
Иймд та кофе, өтгөн цай уухын оронд цэвэр ус, 100 хувийн жимсний шүүс, хярам зэргийг түлхүү хэрэглээрэй.
Жирэмсэн үед архи, дарс, пиво хэрэглэхийг хориглоно. Жирэмсний аль ч үед архи, согтууруулах ундаа хэрэглэх нь урагт сөргөөр нөлөөлдөг.