Өнөөдөр Монгол улсад Эрүүл мэндийн алба, “ОРЧИН ЦАГИЙН АНАГААХ УХААН” үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын өдрөө.
Монголын ард түмэндээ болон монгол хүмүүсийн эрүүл мэндийн төлөө зүтгэдэг нийт эмч, эмнэлгийн ажилчиддаа энэ онцгой түүхэн тэмдэглэлт 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Энэ цаг тухайд Нийслэлийн Өргөө амаржих газрын хувьд баярт өдөр тохиож байгаа учир юу гэвээс тус амаржих газрын зөвлөх Бүлтэн эмч маань МОНГОЛ УЛСЫН АРДЫН ЭМЧ болсон сайхан үйл явдал боллоо.
Өнөөдөр миний хувьд Нийслэлийн өргөө амаржих газрын даргын хувьд, түүнчлэн энэ хүний гарын шавийн хувьд, амьдрал дээрээ дүүгийн хувьд Бүлтэн эмчийнхээ тухай бичихгүй байж чадахгүй нь ээ.
МОНГОЛ УЛСЫН АРДЫН ЭМЧ БУЯНДЭЛГЭРИЙН БҮЛТЭН НЬ НИЙСЛЭЛИЙН НЭГДҮГЭЭР ТӨРӨХ ГАЗАР-т (Нийслэлийн Өргөө амаржих газар) 1978 оноос эдүгээ хүртэл эх барих эмэгтэйчүүдийн эмч, тасгийн эрхлэгч, зөвлөх эмчээр тасралтгүй 44 жил ажиллажээ. Бүлтэн эмч маань ажлын, амралтын, баяр ёслолын өдрүүд болон өдөр шөнийг үл харгалзан ямар ч үед бэлэн байж, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн олон эхчүүд эмэгтэйчүүдийн амь нас, эрүүл мэндийг аварсан эх барих эмэгтэйчүүдийн салбарын аль хүнд хэцүү эрсдэлтэй бүхний өмнө явдаг гайхалтай чадвартай эмч билээ.

САЙН ЭМЧ: Манай Бүлтэн эмч 17 000 эхчүүдийг эсэн мэнд амаржуулсан, 21 000 эх, эмэгтэйчүүдэд нарийн мэргэжлийн мэс заслыг бие даан чанарын өндөр түвшинд амжилттай хийж эх эмэгтэйчүүдийг эрүүлжүүлж, илааршуулж эмчилсэнээс гадна амь насанд нь эрсдэл учирсан ноцтой хүндрэлтэй 500 гаруй эхчүүдэд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэн эхийн амь насыг аварсан мэдлэг мэргэжлээрээ шалгарсан эмч хүн юм. Мөн түүнчлэн 230 гаруй үргүйдэлтэй эмэгтэйчүүдийг мэс заслын болон бусад эмчилгээний аргуудаар эмчилж үр хүүхэдтэй байхын жаргалыг эдлүүлсэн буянтай эмч юм. Дээрх ажлын үзүүлэлтүүдээс харахад хамгийн хамгийн гэдэг тодорхойлолттой чадвартай эмч гэдэг нь бэлхэнээ харагдаж байгаа биз ээ.
САЙН БАГШ: Зөвлөх эмч Б.Бүлтэн нь зөвхөн эмч байгаад зогсохгүй сайн багш билээ. Тэрээр Монголын анагаах ухаан тэр дундаа үхэл амьдралын заагт хөдөлмөрлөж байдаг эх барих эмэгтэйчүүдийн салбарт тэргүүлэн цойлсон гайхалтай эмч багш юм. Учир нь ууган амаржих газрын эмч нар төдийгүй Монголын олон зуун эх барих эмэгтэйчүүдийн эмч нарт зааж сургасан, тэдний үлгэр дууриалал, бахархал болсон хүнд гэдэгтэй хэн ч маргахгүй байх аа. Хот хөдөөгийн, улс, хувийн бүх эмнэлгийн эмч нар ялангуяа эх барих эмэгтэйчүүдийн эмч нар Бүлтэн эмчээс зөвлөгөө авдаг билээ. Өөрийн эзэмшсэн мэдлэг, ур чадвараа шавь нартайгаа харамгүй хуваалцан, эмчийн нарийн мэргэжлийн гардан хийх үйлдлийг өөрөө үлгэрлэн хийж давтан дадлагажуулж сургадаг нь энэ хүнд байгаа бусадтай харьцуулшгүй сайхан чанар юм аа.
САЙХАН ОХИН, САЙН ЭГЧ: Олон хүнийг эмчилж илааршуулж яваагаа аав ээждээ харуулж, охиноороо бахархах сэтгэлийг төрүүлсэн, 11 хүүхэдтэй айлын том охин болж төрөн, бүх дүүгээ гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн ачлалт эгч нь гэдгээ дүү нартаа мэдрүүлсэн, үүгээрээ ч өндөр настай эцэг эхийгээ баярлуулж амжсан аав ээжийн ачлалтай хайртай охин байж чадсан хүн шүү.
САЙН НАЙЗ: Б.Бүлтэн эмч нь Ямар ч хүнд нэг л зангаараа яг л найз шиг ханддаг, дэндүү даруухан хүн гэдгийг олон шавь нар нь, олон үйлчлүүлэгчид нь мэднэ дээ.
ДАЙЧИН ЭМЭГТЭЙ: Өөрийгөө байнга цэнэглэж, боловсорч байдаг нь үнэхээр бахархмаар. Тэр их ажлын үеэр өдөр шөнөгүй дуудагдах атлаа англи хэлний дамжаанд суралцах, усан бассейнд сэлэх зэргээр өөрийгөө байнга дайчилж яг шавь нартайгаа мөр зэрэгцэн өөрийгөө хөгжүүлэхээс гадна нарийн мэргэжлийн бүх сургалтанд аль хэдийн ирчихсэн харагддаг нь үнэхээр гайхалтай дайчин эмэгтэй.
ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДЛАГА: Ажлын ачаалал их, урьд шөнө нойргүй хоносон байсан ч баяр ёслол, хүндэтгэлтэй арга хэмжээний үеэр Бүлтэн эмч маань маш гоё орж ирнэ дээ гээд ярьж дуусаагүй байхад л үсээ аль хэдийн янзалчихсан, монгол дээлээрээ гоёод ороод ирнэ. Ийм л юм болгонд, өөртэй ч бас бусдад ч хүндэтгэлтэй ханддаг хүн дээ.
ХУВЬ ХҮН: Аливаад үнэнч, төв байр сууринаас ханддаг, хэн нэгэн албан тушаалтныг аялдан дагадаггүй, өөрийн гэсэн тодорхой үзэл бодолтой, хүнтэй нийцтэй, хүнлэг, энэрэнгүй, тусч, нийтэч, дайчин, ажил хэрэгч чанараараа бусдыг манлайлагч, удирдан зохион байгуулах чадвартай эмэгтэй. Энэ орчлонд өөрийнхөөрөө амьдарч чадаж яваа, үг хэл нь цэгц шулуун, өрөвч зөөлөн, сэтгэл нь гэгээн эмч, багш, ээж, эгч, эмээ, охин шүү та. Амьдралын зураг төөргөөрөө бид хоёр 30 гаруй жил хамт ажиллаж байна. Ийм хувь тохиосонд шавь миний хувьд баяртай байдаг.
ЭЦЭСТ НЬ ХЭЛЭХЭД: Шагнал эзнээ олно гэдэг бол сайхан юм. Ямар олон хүн баярлаж, өөрөө авсан мэт сэтгэгдлээ илэрхийлж байна аа. Утас нь тасралтгүй дуугарна. Шагнал авсан энэ өдөр бүтэн өдрийн турш хамт байсан тул үнэхээр энэ хүнээр бахархах сэтгэл надад төрж байлаа. Энэ хүн бол ардын эмч болох гавьяатай эмч билээ.
Өөр зөндөө юм бичмээр байна. Нэгдүгээрт үгийн баялаг дутах нь, хоёрдугаарт энэ боломжийг Монгол улсын Ардын эмч Б.Бүлтэн эмчийг маань дээдэлдэг Монгол хүн бүрт үлдээе.
Монголын үрс маш олон болтугай.
Нийслэлийн өргөө амаржих газрын дарга Ж.Энхцэцэг (АУ-ы доктор, профессор)
2021.12.25
Улаанбаатар хот