Нярай хүүхдийн тухай сонирхолтой 14 баримт

  • Эхлэл
  • Нярай хүүхдийн тухай сонирхолтой 14 баримт
Нярай хүүхдийн тухай сонирхолтой 14 баримт
  • 2024 оны 03 сарын 16

Нярай хүүхдийн тухай сонирхолтой 14 баримт

Хүүхэд төрмөгцөө аав, ээждээ бөөн сюрприз, инээд хөөр авч ирдэг бөгөөд зарим үед шоконд ортол гайхшруулдаг. Та өөрийн бяцхан үрээ сайн мэддэг гэж бодож байгаа байх. Гэвч түүний тухай гайхалтай баримтууд таныг бодлыг өөрчилж магадгүй. Нярай хүүхдийн гайхалтай чадваруудаас заримыг сонирхуулахад:

1. Хүүхэд төрөхдөө сэлэх чадвартай байдаг
Таны хүүхэд энэ хорвоод мэндлэхдээ л усанд сэлэх чадвартай байдаг. Тэрээр усан дор байхдаа амьсгалаа түгжиж чадахаас гадна бяцхан хөл, гараараа сэлэх хөдөлгөөнийг гайхалтай чадварлаг хийдэг.

2. Нярай хүүхдийн биед 300 орчим яс байдаг
Түүний бяцхан, уян биед насанд хүрсэн хүнийхээс хамаагүй олон яс байдаг гэхэд итгэхэд бэрх, сонирхолтой зүйл биш гэжүү? Насанд хүрсэн хүнд 206 яс байдаг бол нярай хүүхдэд 94 яс илүү байдаг. Насанд хүрэх үед тэр яснууд яагаад цөөрдөг юм бол? Үнэн хэрэгтээ өсөлтийн явцад зарим яснууд бусад ясандаа уусч нэгддэг байна.

3. Хүүхэд төрөхдөө мэнгэтэй байж болдог
Зарим нярай хүүхэд төрөхдөө л мэнгэтэй байдаг. Мэнгэ зарим үед аав, ээжүүдийн санааг зовоодог боловч ихэвчлэн эмчилгээ хийх шаардлагагүй байдаг бөгөөд 6 сарын дараа өөрөө бүдгэрч алга болж болно. Хэрэв алга болохгүй бол зарим асуудлын шалтгаан байж магадгүй тул эмчид үзүүлээрэй.

4. Нярай хүүхэд нулимс гаргалгүй уйлдаг
Нярай хүүхэд уйлах үед нулимс гардаггүй бөгөөд энэ нь хэвийн зүйл юм. Энэ нь нярай хүүхдийн нулимсны булчирхай зөвхөн нүдээ чийглэх төдий шүүрэл гаргадагтай холбоотой бөгөөд гурван сар орчмын дараагаас үйл ажиллагаа нь сайжирч уйлах үед нулимс гаргадаг болно.

5. Харах чадвар хязгаарлагдмал байдаг
Нярай хүүхэд өөрөөсөө 20-30 см дотор байгаа эд зүйлийг тод хардаг боловч хол байгаа юмсыг сайн харж чаддаггүй. Харин хол байгаа зүйлсыг бүдэг харахын зэрэгцээ хөдөлгөөнийг нь мэдэрдэг байна. Бяцхан хүүхдээ хөхүүлж байхад тэрээр таны царайг сайтар харж чадаж байдаг учир санаа зовох хэрэггүй.

6. Түүний анхны баас үнэргүй байдаг
Нярай хүүхдийн анхны баас үнэргүй байдгийг та мэдэх үү? Зунгаг буюу нярай хүүхдийн анхны баас нь түүний ураг орчмын шингэнтэй хамт уусан арьсны гуужсан эс, тосон бүрхүүлийн хэсгүүд болон цөсний нөсөөнөөс бүрдсэн тул үнэргүй байдаг.

7. Заримдаа нярай хүүхэд амьсгалаа түгждэг
Нярай хүүхэд зарим үед амьсгалаа түгждэг гэхээр та бага зэрэг гайхаж байж магадгүй. Энэ байдал ихэвчлэн түүнийг уйлж байх үед болон унтаж байхад ажиглагддаг. Хэдийгээр энэ байдал 5-10 хором үргэлжилдэг ч аав ээжүүдээ сандраахад хангалттай хугацаа юм.

8. Түүний дуртай тал бол баруун тал
Хэрэв та ажигласан бол нярай хүүхэд баруун тийшээ нүүрээ харуулж унтах нь элбэг байдаг. Харьцангуй цөөн тохиолдолд л нүүрээ зүүн тийш харуулах хандлагатай байдаг.

9. Хүүхэд төрөхдөө тойггүй байдаг
Үүнийг уншаад санаа зовох хэрэггүй. Хүүхдийн тойг төрсний дараа хатуу яс болж хөгждөг.

10. Нойрны хэв маяг хөгжөөгүй байдаг
Шинэ аав, ээж болгон үүнийг мэддэг. Нярай хүүхэд өдөр шөнийг ялгахгүйгээс гадна нойрны хэв маяг бүрэн хөгжөөгүй байдаг тул хэдийд ч сэрж уйлж, хөхөө хөхдөг. Төрсний дараах эхний хэдэн сард энэхүү байдал засагдах болно.

11. Ээжийнх нь үнэр нярай хүүхдийн дуртай үнэр байдаг
Жирэмсний явцад ураг ээжийнхээ идсэн зүйлсийн амтыг мэдэрч байдаг. Төрснийхөө дараа ээжийнхээ үнэр, дууг танихын зэрэгцээ идсэн хоолных нь амтыг хөхний сүүгээр дамжуулан авч мэдэрдэг. Ээжийнх нь үнэр нярай хүүхдийн хамгийн дуртай үнэр байдаг.

12. Нярай хүүхэд бол хамгийн сайн сурагч байдаг
Тийм биш гэж үү? Хүүхэд эхийнхээ хэвлийд байх үеэсээ л гэр бүлийн харилцаанд оролцож эхлэдэг. Тэрээр ээж, аавынхаа дууг таньдаг болохоос гадна гадаад орчныг гайхалтай сонирхоно. Иймд та түүнтэй ярилцахаас гадна ном уншиж, дуу дуулж өгч байгаарай.

13. Нярай хүүхэд умайдаа байхдаа мэдэрч байсан сэтгэгдлээ мартдагүй
Жирэмсний сүүлийн гурван сар орчмын хугацаанд ургийн тархи, мэдрэхүйн эрхтнүүдийн хөгжил эрчимтэй явагддагтай холбоотой тухайн үеийн сэтгэгдлээ төрснийхөө дараа санаж байдаг. Жишээ нь таны хүүхэд жирэмсний сүүлийн гурван сарын туршид сонсож байсан хөгжмөө төрснийхөө дараа сонсох дуртай байдаг. Мөн гэрийн тэжээвэр амьтныхаа дууг төрснийхөө дараа сонсоод айж цочдоггүй нь мөн үүнтэй холбоотой.

14. Төрсний дараа нярай хүүхдийн биеийг хучсан үс бүрэн унадаг
Ялангуяа төрөх хугацаанаасаа арай эрт төрсөн нярай хүүхдийн нуруу, мөр, дух, чих хэсгийг хучсан шар үс төрсний дараах дөрвөн сарын хугацаанд бүрэн унаж арилдаг.

© 2024 All Rights Reserved. Developed By: AiT Team