Жирэмсний үед умайн тонус гэж юу вэ?

  • Эхлэл
  • Жирэмсний үед умайн тонус гэж юу вэ?
Жирэмсний үед умайн тонус гэж юу вэ?
  • 2024 оны 03 сарын 16

Жирэмсний үед умайн тонус гэж юу вэ?

Тонус гэдэг нь тайван байгаа булчингийн хэсэгчилсэн агшилт юм. Умай гэдэг нь хөндий булчинлаг эрхтэн бөгөөд эмч жирэмсний үйл явцыг удирдахдаа түүний зангиралд хяналт тавьж байдаг. Умайн хэвийн зангирлын үед умайн тэмтрэгдэл зөөлөн тэмтрэгддэг. Хэт хүчтэй зангирлын үед умайн булчингийн хана нь тэмтрэгдэлд маш хатуу байна. Эмэгтэйн умай нилээн хэдэн хүчтэй холбоосоор аарцгийн яснуудад бэхлэгдсэн байдаг. Ураг өсч хөгжих явцад умай томорч, хэмжээгээрээ тэлнэ. Энэ үед дээрх булчин, холбоос татагдан хэвлийн доод хэсэг, цавиар өвдөх хатгуулах зэрэг шинж илэрдэг.

Жирэмсний 2 дахь гурван сар буюу 12-28 долоо хоногтойд хэвлийн доод хэсэг цавиар өвдөх нь дугуй холбоос татагдсанаас шалтгаалах нь түгээмэл.

Умай томрохын хэрээр умайн доод талд байдаг дугуй холбоос татагдаж өвддөг. 2 талын цавь руу өвдөх нь дугуй холбоосйн өвдөлтийн шинж тэмдэг. Ихэнх эмэгтэйчүүд өндгөвчөөр хатгаж өвдлөө гэдэг.

Жирэмсний 20 долоо хоногтойгоос хойш умай хатуурч чангарах шинж танд үе үе мэдрэгдэнэ. Үүнийг Брекстон-Хиксийн агшилт гэх ба жирэмсний хугацаа ахих тусам энэ нь улам нэмэгддэг. Энэхүү агшилт хэвийн жирэмсэн хүн бүрт мэдрэгддэг тул та санаа зовох хэрэггүй. Брекстон-Хиксийн агшилт нь жигд бус, богино хугацаагаар ( хэдэн секунд, заримдаа 2 минут) үргэлжилнэ. Жирэмсэн умайн булчингийн энэхүү агшилт нь ямар нэг өвдөлтгүй бөгөөд танд бага зэрэг тааламжгүй мэдрэмж төрж болно.

Жирэмсний хугацаа гүйцэх хэрээр агшилт улам нэмэгдэж, ойртдог. Үүний дараа жигд базалж, таны хүүхэд төрөх үйл ажиллагаа эхэлнэ.

Зарим эмэгтэйчүүдэд умдагны үеэр байнга өвдөх шинж илэрдэг. Жирэмсэн үеийн дааврын өөрчлөлтийн нөлөөгөөр умдагны үений зай бага зэрэг нэмэгддэг. Үүний улмаас өвдөлт мэдрэгдэх нь бий.

Хэвлийн доод хэсэг, аарцаг цавиар өвдөхийг хэрхэн багасгах бэ?

Та дараах хэдэн аргыг хэрэглэж болно.

-Байрлалаа солих, нэг байрлалд удаан байхгүйг хичээх

-Дугуй холбоосны өвдөлтийн үед хөлөө нугалан өвдгөө өөр лүүгээ татан суух

-Жирэмсэн үеийн зориулалтын сойлтын бүс хэрэглэх

-Түр амрах (хэвтэх эсвэл суух)

-Шингэн зүйл хангалттай уух

-Бүлээн ваннд орох

-Тайвшруулах дасгал, иога хийх

-Өвдөлттэй хэсэгт бүлээн жин тавих

-Ямар нэг эсрэг заалтгүй бол жирэмсний турш хөдөлгөөнтэй байх, эмчийн зөвлөснөөр өөрт тохирсон дасгалыг тогтмол хийх

Цөөн тохиолдолд жирэмсэн үеийн хэвлийн өвдөлт өөр шалтгаантай байж болно.

-Умайн гаднах жирэмсэн

-Зулбахаар завдаж буЙ эсвэл зулбалт нэгэнт эхэлсэн

-Эхэс ховхролт

-Дутуу төрөхөөр завдах эсвэл дутуу төрөлт эхэлсэн

-Хэвлийн бусад эрхтний эмгэг гэх мэт

Дараах тохиолдлуудад яаралтай эмчид хандана.

-Хэвлийн хүчтэй өвдөлт

-Жирэмсний хожуу хугацаанд ходоод аюулхай орчмоор өвдөх

-Жигд базлах ( 1 цагт 3-4, түүнээс дээш удаа базлах)

-Хэвлийн доод хэсгээр өвдөх нь базлалттай хамт мэдрэгдэх

-Хэвлийгээр өвдөх + үтрээнээс цусархаг ялгадас гарах

-Үтрээнээс цус гарах

-Доош усархаг ялгадас гарах

-Хэвлийн өвдөлт нь баруун мөр, хүзүү рүү дамжиж өвдөх

© 2024 All Rights Reserved. Developed By: AiT Team