- 2024 оны 03 сарын 16
Ургийн хөдөлгөөн гэж юу вэ?
Ураг жирэмсний 9-10 долоо хоногтойгоос хөдөлж эхлэх ба 16- 24 долоо хоногтойд эхэд мэдрэгдэнэ. Жирэмсний 28-32 долоо хоногтойгоос ургийн хөдөлгөөн илүү хүчтэй, олон болно. Ихсийн байрлал, эхийн биеийн жин зэргээс хамааралтай хүүхдийн хөдөлгөөнийг мэдрэх нь өөр байж болно. Умай хатуурч чангарсан үед ургийн хөдөлгөөн бага мэдэгддэг. Жирэмсэний 28 долоо хоногтойгоос эхлэн ургийн хөдөлгөөнийг өдөр тутамд тоолох нь ургийг хянах хамгийн амар хялбар ач холбогдол ихтэй аргуудын нэг юм.
Ургийн хөдөлгөөнийг хэрхэн тоолох вэ?
Өдөр бүр аль нэг завтай цагтаа ялангуяа оройн хоолны дараа зүүн хажуугаараа хэвтээд цаг харж хүүхдийн хөдөлгөөнийг тоолно.
1. Нэг цагийн туршид ургийн хөдөлгөөнийг тоолоход 4 ба түүнээс олон хөдөлгөөн мэдрэгдэх ёстой бөгөөд үүнийг “хэвийн” гэж үзнэ. Хэрэв хоёр цагийн турш тоолоход 4 өөс цөөн хөдөлгөөн мэдрэгдвэл эмчид хандах хэрэгтэй.
Хөдөлгөөнийг тоолох арга:
- 1 цагийн турш тоолох арга: эхлүүлэх цагаа харж ураг хөдлөх бүрд тэмдэглэгээ хийж тоолно.
- 2 цагт ургийн хөдөлгөөн тоолох арга: 10 түүнээс багагүй байхыг хэвийн гэж үзнэ. - Хэрэв 2 цагийн дотор ураг 10 түүнээс багагүй хөдөлгөөн хийвэл үргэлжлүүлэн тоолох шаардлагагүй.
- Ургийн хөдөлгөөн бүр харилцан адилгүй байж болно
- Ургийн хөдөлгөөнийг өдөр бүр тоолно.
Ургийн хөдөлгөөн багасах шалтгаан:
- Ураг унтаж байх үед
- Ургийн цус багадалт
- Ураг орчмын шингэний ихдэлт ба багадалт
- Ургийн хөгжлийн гажиг (мэдрэл булчингийн г.м.)
- Тайвшруулах, нойрсуулах эм уусан
- Ихсийн хурц болон архаг дутмагшил г.м.