- 2024 оны 03 сарын 18
Жирэмсэн үеийн жингийн нэмэгдэл
Эмэгтэй хүн бүрийн жирэмслэлт харилцан адилгүй явагддаг. Биеийн жин хэвийн байх нь жирэмслэлтэнд чухал ач холбогдолтой. Биеийн жин илүүдэлтэй байх, жирэмсэний хугацаанд жин их нэмэх нь жирэмсэн үеийн чихрийн шижин, преэклампси, ураг хэт том болох, төрөх зөс урагдах, кесар мэс заслаар төрөх эрсдэлийг нэмэгдүүлнэ. Хэрэв та дундаж хэмжээний өндөр болон жинтэй бол хэвийн жирэмсний 40 долоо хоногийн явцад таны биеийн жин 10-15 килограмаар нэмэгдэх ёстой. Жирэмсний эхний гурван сарын хугацаанд биеийн жин маш багаар нэмэгддэг (0,7- 1 килограмаар). Харин жирэмсний хоёр дах гурван сарын үеэс эхлэн биеийн жин илэрхий нэмэгдэж эхлэх болно. Хэрэв хоёр ихэр жирэмсэн бол биеийн жин жирэмсний хугцаанд 16-18 килограмаар нэмэгддэг.
Жингийн нэмэгдэл юунаас бий болдог вэ?
Биеийн жингийн нэмэгдэл үндсэн хоёр хэсгээс бүрддэг.
Үүнд:
Таны хүүхэд, ихэс, ураг орчмын шингэний жин
Жирэмсний явцад үүсэх таны өөрийн жингийн нэмэгдэл. Энэ ойлголтонд умай, хөхний хэмжээ томорсонтой холбоотой жин нэмэгдэхээс гадна цусны эзлэхүүн ихсэх, биед ус хуримтлагдах, өөхөнд эдийн хэмжээ ихэссэн зэрэгтэй холбоотой үүсэх жингийн нэмэгдэл хамаарагдана.
Эдгээрийг нарийвчлан харуулвал:
Хүүхэд 3-4 кг
Ихэс 0,7 кг
Ураг орчмын шингэн 1 кг
Эхийн өөхөн эд 2,5-3 кг
Цусны эзлэхүүний нэмэгдэл 1,5 кг
Биед хуримтлагдах ус 2,5 кг
Хөх 0,5 кг
Умай 1 кг
Жирэмсэн эмэгтэйн таргалалт, ургийн жингийн нэмэгдэлтээс үүсэх 10 муу сөрөг үр дагавар:
1.Таргалсан жирэмсэн эмэгтэйн цусны даралт ихсэх нь таргалалтаас 20% шалтгаалдаг. Хавагнах, Цусны даралт ихсэх, Долоо хоногт 500 гр-аас дээш нэмэгдэх
2. Ээж таргалах тусам хүүхдийн биеийн жин нэмэгдэж байдаг. Хүүхдийн жин нэмэгдэж томрох нь булчингийн хөгжилд муугаар нөлөөлж, төрөх үед хүндрэх шалтгаан болдог.
3. Жирэмсэн үеийн өөхөн тарга нь хүндрэлтэй төрөх шалтгаан болно. Үүнд: (умайн агшилт сулрах, цус алдах, дүлэлтэнд идэвхгүй оролцох, төрөлтийн 2-р үед саатал үүсэх)
4. Хэвлийдээ хэт таргалсан хүүхдийн булчингийн хөгжил сул байдаг учраас төрсний дараа ч мөн адил булчингийн хөгжилд муугаар нөлөөлж судасны хана агшихдаа сул болдог. Мөн төрсний дараа ч эх удаан тэнхэрдэг байна.
5. Хүүхдийн биеийн жин 3,5-4,5 кг бол том хүүхдэд тооцогдоно. Ургийн жингийн хэтрэлт нь хүндрэлтэй төрөх шалтгаан болдог. Хүндрэлтэй төрсөн нярайн амьсгалах чадвар сул байдаг.
6. Жирэмсэн үедээ хэтрүүлэн идэж, зохисгүй хооллох буруу зуршил нь төрсний дараа ч хэвээр хадгалагддаг.
7. Төрсний дараах таргалалт нь жирэмсэн үеийн таргалалттай шууд холбоотой олон олон муу үр дагавартай.
8. Ээжийн жин хэт нэмэгдсэн үеэс л хүүхдэд өөхөн тарга хуримтлагдана Энэ нь төрсний дараа хүүхэд өсөж хөгжихөд муугаар нөлөөлдөг.
9. Жирэмсэн үеийн таргалалтаас дотоод шүүрлийн үйл ажиллагааны тэнцвэр алдагдаж өөр бусад өвчний суурь тавигдана.
10. Жирэмсэн үеийн таргалалт нь төрсний дараа ч хэвээр байхаас гадна чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний суурь болдог