- 2024 оны 04 сарын 19
Хөхний толгой яагаад хагардаг вэ?
Хөхний толгойг нөсөөний хэсэгтэй нь хамт хүүхдийн аманд хийж хөхүүлэхгүйгээс хөхний толгой хөндүүр болдог. Үүнээс болж ээж хүүхдээ цөөн хөхүүлэхэд хүрнэ. Цөөн хөхүүлснээр хөхний сүүний хэмжээ багасна. Хөхүүлэхдээ эмзэглэж, хөхний толгойн үзүүр хэсгийг хүүхдэд үмхүүлдэг учир хүүхдийн хөхөх рефлекс муу үүсч, муу хөхсөнөөс сүү гадагшилж чадахгүй.
Хөхний толгой өвдөхөд яах вэ?
Хүүхэд хөхөх, хөхний толгой үмхэх байрлалыг шалгаж зөв болго.
Хүүхдийн ам гэмтсэн эсэх үз
Хүүхдээ зөв хөхүүлэх дадал болоод өдөр тутам хийх хөхний арчилгаанаас хамаараад хөхний толгой хагарахаас сэргийлэнэ.
Хөхүүл эхийн хөхний толгой хагарах олон шалтгаан бий.
Үүнд:
- Жирэмсний хугацаанд эх хүүхдээ хөхүүлэхэд хөхөө муу бэлдэх
- Хөхийг хэтэрхий олон угаах
- Ангир уургийг оройтож амлуулах
- Хүүхдээ зөвхөн хөхний толгойг үмхүүлж хөхүүлэх
- Хөхийг хүүхдийн амнаас шувтарч авах
- Хөхийг саахдаа толгойн хэсгээс шувтарч саах зэрэг тохиолдолд хөхний толгой илүү их хагардаг.
ХӨХНИЙ ТОЛГОЙ ХАГАРАХААС ЯАЖ СЭРГИЙЛЭХ ВЭ?
Жирэмсэн эмэгтэй бүр хүүхдээ хөхүүлэхэд хөхөө бэлдэх хэрэгтэй.
Үүний тулд хөхний толгой хавтгай буюу шигдсэн бол хөхний толгойг долоовор, дунд хурууны завсар хавчаад зөөлөн татах дасгал хий.
Төрөхөөс өмнө хөхөө хүүхэд хөхүүлэхэд бэлдэж толгойг нь сунгах, имрэх, эргүүлэх дасгал хий.Хөхийг өдөрт нэгээс илүү угаах хэрэггүй.
Харин гараа хөхүүлэх бүрийн өмнө угаа.
Төрсний дараа аль болох эрт хоёр хөхийг амлуулж, хөхөх бүрт хүүхдийн хөхөх хугацааг аажим нэмнэ.
Хөхүүлэхдээ зөвхөн хөхний толгойг бус хөхний нөсөөт хэсгийн хамт үмхүүлж хөхүүлнэ.
Саахдаа гарын 4 хурууг хөхний доод талд, эрхий хурууг дээд талд хөхний толгойноос 3-6см зайд тавиад хойш нь дарж, шахах байдлаар саана.
Хөхний арьсыг шувтарч сааж болохгүй.
Хүүхдийг өөрөө хөхөж дуустал хүлээ.
Дээрх зүйлсийг анхаарч байвал та хөхний толгой хагарахаас сэргийлж чадна.