Хөхний сүү нэмэгдүүлэх арга

  • Эхлэл
  • Хөхний сүү нэмэгдүүлэх арга
Хөхний сүү нэмэгдүүлэх арга
  • 2024 оны 05 сарын 13

Хөхний сүү нэмэгдүүлэх арга

Хөхүүл ээж бүрийн хамгийн том асуудал бол хүүхдээ цатгахуйц хангалттай сүүтэй байх. Зарим ээжүүд хүүхдээ цатгаж чадахгүй гэж санаа зовж байхад зарим нь бүр ихдээд сааж хөлдөөгөөд илүүчилдэг. Тэгвэл хэрхэн сүүний гарцаа тэнцвэртэй байлгах талаар дараах зөвлөгөөг хүргэе.

Эхний гурав хоног: Төрсний дараах эхний гурав хоногт хөхөнд сүү ордог. Тэрнээс өмнө хөхнөөс уураг гарна. Уураг гарч дуусаад яг сүүгээ ялгаруулж эхлэхийн зэрэгцээ хөх ихээр чинэрч, хатуурч хөндүүрлэнэ. Энэ үед ээжүүд маань хүүхдээ 2–3 цаг тутам хөхүүлэхээс гадна хөхүүлэхийн өмнө хөхөн дээрээ бүлээн жин, хөхүүлсэний дараагаар хүйтэн жин тавьж өвдөлтийг намдаана. Хэрвээ хэт их өвдөөд халуурч хөлсжөөд байвал парацетамол ууж халуунаа дарж өвчин намдааж болно, бага тунгаар хэрэглэхэд хүүхдэд нөлөөлөхгүй.

Ингэж хөх чинэрч хатуурдагын шалтгаан нь хөхний булчирхай цаашид хэр их сүү ялгаруулах хэрэгтэйгээ тооцож байгаа нь тэр. Өөрөөр хэлбэл эхний энэ өдрүүдэд хөхний булчирхайнууд маш их сүү ялгаруулж шинэ хүн маань хэр ихийг нь идэж чадах нь вэ гэж шинждэг. Ингээд цаашид татарч зөвхөн хүүхдийн идэх хэмжээгээр сүү ялгаруулах тэнцвэртэй болдог. Хүний бие өөрөө ямар ч машин технологиос ухаалга биет, ялангуяа хөхний булчирхай сүүгээ цэвэр эрэлт нийлүүлтийн хуулиар буюу хүүхэд тань хэдий чинь идэх гэнэ төдий чинээ сүүг ялгаруулна. Тиймээс эхний энэ сүү гарч ирэх үе шатанд хүүхдээ та тааваар нь идүүлээд л өөрөө өвдөлтөө тэвчээд өнгөрөөхөд хөхний булчирхайнууд өөрсдөө тооцооллоо хийгээд 2–3 өдрийн дараагаар хэвийн хэмжээний сүүгээ ялгаруулан эхлэж өвдөлт чинэрэлт алга болно. Нөгөөтээгүүр хэрвээ энэ үеэс эхлэж хүүхдээ хөхүүлэхийн хажуугаар сүүгээ сааж эхлэвэл цаашид хүүхдийн тань идэхээс их хэмжээгээр сүү ялгаруулдаг. Манай ээж нар тэрийг нь “сүү нь садардаг болох” гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл та нэг хүүхэд төрүүлсэн байлаа гэж бодоход хүүхдээ хөхүүлэхийн хажуугаар саагаад эхлэхээр тархинд ихэр хүүхэд төржээ гэсэн мэдээлэл очоод түүнээс хойш ихэр хүүхэд цатгахуйц их хэмжээний сүү ялгаруулж эхлэдэг. Гэтэл дараа нь ганц хүүхэд чинь идэх гэхээр сүү нь ихдэж садрах, нийт ялгаруулсан сүүгээ гадагшлуулж чадахгүйгээс болж сүү нь хөхөндөө бугларч түгжрэх зэрэг асуудлууд гарч ирдэг. Иймд эхний хэдэн өдрүүдэд саах гэж яаралгүй хүүхэд хөх хоёроо өөрсдөө ярилцаж тохир гэсэн шиг тааваар нь үлдээвэл цаашид сүүний гарц тэнцвэртэй байх эхлэл болно.

Мөн энэ үед хүүхдээ хөхүүлэхдээ хүүхэд тань бүрэн хөхөө амлаж хангалттай хөхөж чадаж байгаа эсэхэд анхаарлаа хандуулах нь чухал. Зарим ээжүүд хүүхэд маань хөхөхгүй байна, эсвэл хүүхэд маань хөхөөд байхад сүү буглаад байна яах вэ гэцгээдэг. Энэ нь ихэнхдээ хүүхэд хөхөө бүрэн амлаж сүүгээ гаргаж чадахгүй байгаатай холбоотой байдаг. Тиймээс эмнэлэгээс гарахаасаа өмнө нярайн сувилагчаараа хүүхдээ зөв бүрэн амлуулах талаар сайн заалгаж аваарай.
Ийнхүү анх хөхөнд сүү орсноос хойшхи буюу хөхний булчирхайнууд тэнцвэртэй ажиллаж эхлэсний дараагаар энэ тэнцвэр алдагдаж сүү багасах нь ээжээс нь шууд хамааралтай. Үүнд ээжүүдийн анхаарах зүйлсийг гурван чухал бүлэгт ангилан хүргэе. Нэгдүгээрт хүүхэддээ хөхөө хөхүүлж буюу өөрийхөө эрдсээс хуваалцаж байгаа эх хүн та өөрөө эрүүл чийрэг байх. Хоёрдугаарт сүүний гарц багассан тохиолдолд тархинд илүү их сүү хэрэгтэй шүү гэсэн мэдээллийг хүргэхийн тулд нэмэлт эрэлтийг үүсгэх. Гуравдугаарт эхийн болон хүүхдийн эрдсийн хэмжээг алдагдуулахгүй байх амин дэм сайтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх.

Хүүхдээ хооллох сүүтэй байхын тулд ээж та эрүүл байх хэрэгтэй.
НОЙР — Ээж та хэдий чинээ унтаж амарна, төдий чинээ хөхний сүү сайн гарна. Нойр гэдэг бол бие бялдар болон сэтгэл санаа эрүүл байхын суурь. Иймд эх өөрөө нойргүйдэж ядаргаанд орсон тохиолдолд юун нэмэлтээр сүү боловсруулах, бие чинь цаанаасаа байгаа хамаг эрч хүчээ өөрийгөө тэнхрүүлэхэд зарцуулах тул сүүний гарц багасна. Тиймээс хангалттай сайн унтаж амрах нь чухал. Ялангуяа хүүхдээ унтахад нь зэрэгцээд унтах хэрэгтэй. Шөнө унтаад боссоны дараах өглөөний сүү, дуг хийгээд амарсаны дараах сүү зэрэг нь илүү эрдсээр баялаг байдаг нь хэд хэдэн судалгаагаар батлагдсан. Тиймээс унтах нь сүүний гарцанд ч нөлөөлөөд зогсохгүй чанарт ч нөлөөлдөг байх нь.

УС УУХ — Ээж нь хүүхдээ хөхүүлэхийн хэрээр шингэнээ алдаж хуурайшдаг. Тиймээс тэр их шингэн алдалтаа нөхөхгүй л бол юун тэр хүүхдэдээ сүү илүүчлэх л болно. Ус ууна уу, сүү ууна уу, цай ууна уу. Аль нь ч болно. Хамгийн гол нь шингэнээ алдахын хэрээр нөхөж авах л хэрэгтэй. Хэдий чинээ ус ууна төдий чинээ сүү хуримтлуулна. Хөхүүл эх доод тал нь 2.5 литр ус уух хэрэгтэй гэж өндөр хөгжилтэй орнуудад зөвлөдөг. Энэ нь 2 цаг тутамд нэг стакан ус гэсэн үг.

СЭТГЭЛ САНАА ТОГТВОРТОЙ БАЙХ — Нялх биетэй эх дааврын өөрчлөлтөнд орох, сэтгэл санаагаар унахдаа маш хялбар. Гэтэл эдгээр өөрчлөлтүүд нь сүүний гарцанд шууд нөлөөлдөг. Тэгэхээр хичнээн сүү муудсан ч сэтгэл санаагаар тайван байж нойроо сайн авах хэрэгтэй шүү.
Ер нь л тэгээд оюун санаа, бие бялдараа тордож хэвийн эрүүл чийрэг байдалд байлгаснсаар хөхний булчирхайнуудыг ажлаа тайван хийх боломжийг олгож байна л гэсэн үг.

Хөхний булчирхай хамгийн ухаалаг булчирхайнууд. Тэд зөвхөн эрэлт нийлүүлэлтийн дүрмээр л ажлаа хийдэг. Иймээс эрүүл чийрэг ээж та хэдий чинээ эрэлтийг бий болгоно төдий чинээ сүүний гарц нэмэгдэнэ.

ХӨХҮҮЛЭХ —Сүү гарахгүй, хүүхэд маань хөхөө хөхөхгүй байна гээд хөхүүлэхээ больж болохгүй. Харин ч тэр тусам нь хөхүүлж байж тархинд одоо ялгаруулж буйгаасаа илүү их сүү ялгаруулах хэрэгтэй юм байна гэсэн дохио очно. Ингээд бие чинь цаанаасаа л сүүний гарцаа нэмэгдүүлэхээр ажиллаж эхлэнэ. Иймд өмнө нь 3 цаг тутам хөхүүлээд сүүгүйдэж байсан бол 2 цаг тутамд хөхүүлдэг болох зэргээр хүүхдээ хөхүүлэх давтамжаа ихэсгэх хэрэгтэй.

ХӨХӨӨ СААХ – Түүнчлэн хүүхэд өөрөө ойр ойрхон хөхөх сонирхолгүй бол нэмэлтээр хөхөө сааж болно. Энэ нь тархинд мөн л адилхан хүүхэд тань л илүү их идээд байгаа юм байна гэсэн дохиог хүргэж булчирхайнуудыг илүү сайн ажиллахад хүргэдэг. Тиймээс хүүхдээ 2 цаг тутам хөхүүлдэг бол хүүхдээ хөхүүлчихээд 1 цагийн дараа хөхөө саагаад тэрнээсээ хойш 1 цагийн дараа хүүхдээ хөхүүлэх зэргээр сөөлжилөх байдлаар сүүний эрэлтийг ихэсгэнэ.
/Саасан сүүгээ хэрхэн хадгалаж, хэрэглэх талаар тусд нь уншаарай./
Хөхөө тогтмол хөхүүлэх, хүүхэд нь хангалттай хөхөж чадахгүй бол нэмэлтээр саах нь зөвхөн сүүний гарцыг нэмэгдүүлээд зогсохгүй. Цаашлаад хөхөнд сүүний буглаа үүсэх булчин нь чангарч хатуурах зэргээс урьдчилан сэргийлнэ.
Түүнчлэн идэж хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнээрээ хөхөндөө сүү оруулж болно.
Хөхүүл ээжүүдийн маань хэрэглэж байгаа хүнс нь хоёр хүний амин дэм, эрдэсийн хэрэгцээг бүрэн хангаж байх шаардлагатай
Хөхний сүү нэмэгдүүлэх олон төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд болон аман дамжин сайшаагдан ирсэн буудай тариа, жимс хүнсний ногоонууд байдаг. Гэтэл яг шинжлэх ухаанаар батлагдаад хэд хэдэн судалгаагаар нотлогдоод ийм ийм орц найрлагатай учраас ингээд сүүний гарцыг нэмэгдүүлнэ гээд дүгнэгдчихсэн нэг төрлийн бүтээгдэхүүн байхгүй. Байгаа хэдхэн судалгааны үр дүнгүүд нь тодорхой нэг бүтээгдэхүүн дээр цөөн тооны ээжүүд дээр хийгдсэн байх учир, тэр нь та бидний биед яг адилхан үр дүнг үзүүлнэ гэхэд хэцүү. Түүнчлэн улс улсынхаа ёс заншил, соёлоо дагаад ууж идэх нь генетикийн шинжтэй ялгаатай учир солонгос ээжид сүү оруулдаг бүтээгдэхүүн монгол ээжид сүү оруулна гэж хэлж болохгүй. Мэдээж бас няцааж ч болохгүй. Жишээ нь 5000 жилийн турш япон солонгосууд цагаан будаа идсээр ирсэн, тиймдээ ч тэд хөхүүл үедээ хөхөндөө сүү оруулна гээд цагаан будааны шүүс, шингэн буцалгасан цагаан будаа зэргийг хэрэглэх нь элбэг. Гэтэл монголчуудын хувьд цагаан будааг сүүлийн 50 гаруй жилд хэрэглэж байгаа их идэхээр харин ч хөхний сүү татраад, бие шингэнээ алдаад хавагнаж хөөх шинж тэмдэгүүд илэрч эхлэдэг. Иймээс хөхний сүү нэмэгдүүлэх хүнсний бүтээгдэхүүнүүдийн талаар өгүүлэх энэ гуравдугаар хэсэгтээ хүн болгонд хэрэглэхэд ямар нэгэн сөрөг нөлөө багатай болон монгол хүн хүнсэндээ түгээмэл хэрэглэх боломжтой болов уу гэсэн үүднээс өдөр тутамдаа хоол хүнсэндээ нэмэлтээр болон орлуулах байдлаар хэрэглэж болох хүнсний бүтээгдэхүүнүүдийг санал болгъё.

Өглөөдөө өглөөний цай болгож нэг аяга овъёос идэх нь сүүний гарцыг ихээр нэмэгдүүлнэ. Хэрвээ сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй бол усанд дэвтээж идэх эсвэл алмонд сүү хэрэглэж болно. Түүнчлэн овъёосыг төрсний дараа сахарын хэмжээг тэнцвэржүүлэх, чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх зорилгоор эмч нар хөхүүл эхэд санал болгодог. Цаашлаад овъёос нь ислэг ихтэй тул төрсний дараах өтгөн хаталтанд ч нэмэр болох. Тиймээс өдөртөө нэг аяга овъёос идэхэд олон олон ач тустай.

Овъёостой адилхан бүхэл үрийн өөртөө beta-glucan хэмээх нэгдэлийг агуулсан бүтээгдэхүүнүүд хөхний сүүнд сайнаар нөлөөлдөг. Иймд гурилан бүтээгдэхүүн хэрэглэх бол гурил нь бүхэл үрийн гурил байх, будаа идэхээр бол цагаан будаа биш бор будаа идэх зэрэг энгийн өөрчлөлтүүд таны төрсний дараах нөхөн сэргэлтэд төдийгүй хөхний сүүнд эерэгээр нөлөөлнө.
Өдөр тутам идэж байгаа хоолондоо лууван, сармис хэрэглэх. Төмөр, кальц, фолийн хүчлийн агууламж бүхий бууцай, хүрэн манжин зэргийг өдөр тутмынхаа хүнсэнд хэрэглэдэг болох. Хааяа нэг бууцайтай борщ хийгээд уучихад тустай л байх нь байна шдэ.
Е витамин болон омега 3 ихтэй Алмонд самарыг үе үе амны зугаа гаргах байдлаар болон овъёосон дээрээ нэмж амт оруулах зэргээр хэрэглэж болно. Мөн жирийн шар төмсний оронд чихэрлэг төмс хэрэглэх.
 

© 2024 All Rights Reserved. Developed By: AiT Team