- 2024 оны 06 сарын 01
Ихэс шохойжилт
Ихэс нь жирэмсэний явцад умайн дотор хананд байрладаг дугуй хэлбэртэй эрхтэн юм. Энэ нь эхээс ургийн цусны эргэлтрүү хоол тэжээлийн бодис болон хүчилтөрөгчийг нэвтрүүлж, нүүрсхүчлийн хий болон хаягдал бүтээгдэхүүнийг эхийн цус руу дамжуулдаг.Үүнээс гадна жирэмслэлтийн хэвийн явцыг дэмжих, төрөлт болон хөхөөр хооллолтод бэлдэх даавруудыг ялгаруулна.
Эхийн болон ургийн цус тус тусдаа холилдохгүй урсана. Эдгээр нь нэг эсийн зузаантай маш нимгэн мембранаар тусгаарлагдаж байдаг бөгөөд үүнийг ихсийн хориг гэнэ. Энэ нь өсөж байгаа ургийг зарим төрлийн халдвар, хорт бодис болон эмийн бодисын нөлөөнөөс хамаардаг.
Ихсийн судаснууд нийлж хүйн судсыг бий болгодог бөгөөд энэ нь ургийн хүйстэй холбогддог.Хүй нь гурван судаснаас тогтсон байдаг. Тэдгээрийн 2 нь жижиг артери бөгөөд ургаас нүүрсхүчлийн хий болон хаягдал бүтээгдэхүүн бүхий цусыг ихэсрүү хүргэдэг бол нэг венийн судсаар хүчилтөрөгч, хоол тэжээлийн бодисоор баялаг цус урагт очно.
Эдгээр цус нь эрчлэн байхаас гадна Вартоны гелл хэмээх зузаан давхаргаар хучигдсан байдаг нь ургийн хөдлөх үед нугаларч дарагдахгүй байх нөхцөлийг хангаж өгнө. Ихэс хүүхэд төрсний дараа умайн хананаас салж гардаг бөгөөд энэ үеийг төрөлтийн гуравдугаар үе буюу хойдохын үе гэж нэрлэх нь бий. Ихсийн шохойжилт гэдэг нь ихэст кальци хуримтлагдсаныг илэрхийлж байгаа хэллэг юм.
Энэхүү ихсийн эдэд кальци хуримтлагдах үйл явц ихсийн боловсролтын зэргийг илэрхийлдэг бөгөөд жирэмсний сүүлийн гурван сарын төгсгөл үед буюу төрөх хугацаа ойртсон үед илэрдэг. Ихэсд кальци хуримтлагдах үндсэн шалтгаан нь ихсийн жижиг хэсгүүдэд үхжил явагдсанаас болдог байна. Энэхүү шохойжилт нь улмаар ихсийн бусад хэсгийн холбогч эдэд шилжих түлхээс болж өгдөг.
Мөн нөгөө талаас ихсийн шохойжилт ихсийн судас эхийн цусны бүлэнгээр бөглөрснөөс болж бий болдог. Ихэнх тохиолдолд ихсийн шохойжилт нь үйл ажиллагаанд нөлөөлдөггүй бөгөөд урагт хор нөлөөгүй байна. Харин шохойжилт хэт их болж ихсийн эд холбогч эдээр солигдвол ихэс өөрийн үндсэн үүрэг болох эхийн болон ургийн цусны эргэлтийн хооронд хоол тэжээл, хүчилтөрөгчийн болон биед хэрэггүй хаягдал бодисын солилцоог явуулж чадахгүйд хүрч ургийн өсөлт удааширч бүтэлт үүсэх эрсдэлтэй.
Харин жирэмсний эрт хугацаанд ихсийн шохойжилт үүсвэл энэ нь ихэс байх ёстой хугацаанаасаа эрт хөгширч байгааг илэрхийлдэг. Энэ тохиолдолд эмч таны хүүхдийн өсөлт хөгжил болон ураг орчмын шингэний хэмжээг хэт авиан шинжилгээгээр тодорхой хугацааны давтамжтай нарийн хянах бөгөөд энэ нь таны хүүхэд шаардлагатай тэжээлийн бодисоо авч чадаж байгаа эсэхийг тодруулж өгнө.
Зарим судлаачид ихсийн шохойжилт тамхи татдаг эмэгтэйчүүдэд илүү эрт илэрдэг гэж үздэг. Мөн хоол хүнсэндээ антиоксидант (исэлдэлтийн эсрэг) бодис агуулсан хүнсний зүйлс хэрэглэх нь ихэсийн шохойжилтыг саармагжуулахад тус дэм болдог гэж дүгнэдэг байна.