Фолийн хүчил ач холбогдол

  • Эхлэл
  • Фолийн хүчил ач холбогдол
Фолийн хүчил ач холбогдол
  • 2024 оны 06 сарын 06

Фолийн хүчил ач холбогдол

Жирэмсэн үед олон янзын хүчин зүйлүүд ургийн гаж хөгжлийг нөхцөлдүүлдэг. Хамгийн түгээмэл болоод эрсдэлтэй нь удамшлын, үр хөврөл бүрэлдэж тогтох үеийн болон ургийн хөгжлийн үеийн алдагдлаас үүссэн буруу хөгжил үүсдэг.  

Эдгээрээс хамгийн чухал буюу сэргийлэх боломжтой нь үр хөврөлийн хөгжлийн үе юм. Үр хөврөл бүрэлдэн тогтсоноос хойших эхний 16 хоногт эх ямар нэгэн зохисгүй, хортой зүйл хэрэглэхгүй байх нь хүүхэд эрүүл бүрэлдэхэд нэн чухал. 17 дахь хоногоос 56 дахь хоногт мэдрэл, хоол боловсруулах, амьсгал, арьс, булчин, зүрх судасны гэх мэт арав гаруй эрхтэн тогтолцоо бүрэлддэг үе. Энэ үед мөн л урагт нөлөөлөхүйц хортой бодис, хүчтэй нөлөөлөх эм, архи, тамхи хэрэглэвэл элдэв гаж нөлөө үүсэх эрсдэл хамгийн өндөр байдаг.  

Үүнээс гадна фолийн хүчил, амин дэмүүд дутагдвал ургийн гаж хөгжил бий болно Үр хөврөл хэрхэн бүрэлддэг гэвэл эр эм бэлгийн эс маань нийлж эвсэл үр үүсч. улмаар хоёр давхар ханатай болж, эс маань эхлээд арифметик, дараа нь геометрийн прогрессээр үржээд олон эстэй болно. Ингэж хөгжих явцад хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь нуклейн хүчлийн нийлэгжилт. Энэ үед л нуклейн хүчил ургийн хөгжлийн хэрэгцээг хангахуйц байж чадахгүй бол ямар ч алдаа үүсч болно. 

Үүнийг үр хөврөлийн үеийн эсийн хуваагдал алдагдаж, гаж хөгжил үүсдэг. Иймээс ургийн хөгжлийн энэ үед фолийн хүчлийг хангалттай байлгаж эсийн хуваагдлыг сайн дэмжиж өгөх хэрэгтэй. “Удамшдаггүй буюу үр хөврөлийн гаж хөгжлийг эмчлэхэд хүмүүсийн мэдлэг л хангалтгүй байна” гэж нэр хүнд бүхий дэлхийн олон эрдэмтэд хэлсэн байдаг. Үүнд ганцхан эмч биш аав, ээж болох гэж байгаа залуу гэр бүл, эцэг, эхчүүд маш ихээр анхаарч, хичээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эрүүл саруул хүүхэдтэй болъё гэвэл үр хөврөл тогтохоос өмнөх үеийн сэргийлэлтийг маш сайн хангах ёстой юм. Үүний тулд хүн юу хийж чадах вэ. Энэ бол ердөө л чанартай, амин дэмтэй хоол хүнс, сэтгэл санаагаа тайван байлгах, нэмэлт амин дэмүүдийг эмчийн заавраар зөв хэрэглэх ба үүнийг хүүхэдтэй болохыг хүссэн цагаасаа эхлээд төрүүлтлээ дагаж мөрдөх ёстой. Ургийн гаж хөгжлөөс хамгийн амархан сэргийлж болох, харьцангуй үр дүнтэй арга бол фолийн хүчил хэрэглэх  явдал юм. Энэ бол үр хөврөлийн хөгжлийн алдагдлаас сэргийлэх хамгийн найдвартай витамин мөн. Фолийн хүчил нь уруулын сэтэрхий, нурууны эвэрхий гэх мэт бүх төрлийн гаж хөгжлөөс сэргийлэх боломжтойг тогтоосон. 

Фолийн хүчил нь аливаа эсийн хуваагдал, төлжилтийг түргэтгэдэг, дэмждэг бодис. Гэтэл энэ чухал бодис нь үр хөврөлийн өмнөх, ургийн хөгжлийн үед маш амархан дутагддаг. Ургийн тархи нуруу нугас мэдрэл бүрэлдэх процесст оролцдог энэхүү фолийн хүчил дутагдсанаар хүүхдийн тархи, нугасны хөгжлийн болон мэдрэлийн системийн гажиг үүсэхэд хүрдэг. Иймд фолийн хүчил нь гаж хөгжил үүсгэдэг байдлыг зогсоох, зөв хөгжлийг дэмжих амин дэм гэсэн үг. 

Уг витаминыг хэрэглэснээр хүүхдийн тархи, нугасны хөгжлийн болон мэдрэлийн системийн гажиг ялангуяа мэдрэлийн гуурсны гажиг үүсэх эрсдэлийг багасгадаг. Мөн зүрхний өвчин, хавдар, яс сийрэгжилтээс сэргийлнэ. Гэхдээ бас фолийн хүчил уувал гаж хөгжилтэй хүүхэд гарахгүй гэсэн үг биш. Гаж хөгжлөөс сэргийлэхийн тулд фолийн хүчлийг хэрэглэж байгаа ч архи, тамхи зэрэг эхийн гаж зуршлаас аврах, сэргийлэх боломжгүй. Эх хүн амьдралын зөв хэв заншилтай, зөв зан үйлтэй байх ёстой. Ингэж байж эрүүл саруул хүүхэд төрүүлнэ. 

Жирэмслэх төлөвлөгөөтэй гэр бүлийн хос жирэмслэх бэлтгэл болгож, фолийн хүчил агуулсан бэлдмэл хоёулаа уух ёстой. Энэ тохиолдолд нэг хүний хоногийн хэрэгцээ нь 800 мкг-аас доошгүй байх ёстой.Жирэмсэн эхэд Фолийн хүчлээс гадна маш чухал элемент бол Иод. Иод нь ургийн тархи мэдрэлийн тогтолцооны хөгжил, бамбай булчирхайн үйл ажиллагаанд нөлөөлж байдаг. Иод дутагдсантай холбоотой оюуны хомсдолтой хүүхэд төрөх явдал байсаар байна

© 2024 All Rights Reserved. Developed By: AiT Team